монгол улсын төрийн далбаа

Монгол Улсын төрийн далбаа
            Монгол улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.
            Монгол улсын төрийн далбаанд агуулагдах соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм.Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэгддэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм.Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.

            Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэ бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө цэх шударга  нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гсэн санаа юм.

Comments

Popular posts from this blog